Шинэ агаарын хөлгүүд хүлээж авах боллоо
ХҮННҮ ЭЙР ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал Embraer Е195-E2 маягийн 2 агаарын хөлгийг түрээслэн авч, үйл ажиллагаандаа ашиглахаар хэлэлцээрүүдийг амжилттай дуусган түрээсийн гэрээнд гарын үсэг зурсанаа мэдэгдлээ. 2025 оны 4 болон 10 дугаар саруудад уг агаарын хөлгүүдийг үйлдвэрлэгчээс нь шууд Монгол Улсад нийлүүлэх юм.
Дунд оврын, орчин үеийн гэх тодотголтой уг агаарын хөлөг нь зорчигчийн тав тухыг дээд зэргээр хангасан, байгаль орчинд ээлтэй, нислэгийн үеийн болон орчны дуу чимээний түвшин бага буюу 75-80 дБ, ижил төрлийн агаарын хөлгүүдтэй харьцуулахад гадаад орчинд ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ, шатахуун зарцуулалт 20 орчим хувиар бага гэх мэт давуу талуудтай.
Хүннү Эйр ХХК уг агаарын хөлгүүдийг нэмснээр одоогийн нислэг үйлдэж байгаа аялал жуулчлалын гол чиглэл болох БНХАУ-ын чөлөөт бүс Хайнан мужийн Хайкоу, Санъяа хот, БНСВУ-ын Фукуок хотуудын чиглэлд суудлын багтаамжаа нэмэгдүүлэх бөгөөд Япон, Хятад, Солонгос Улсуудын чиглэлийн хуваарьт болон захиалгат нислэгүүдийн суудлын тоог өсгөнө. Мөн шинээр Узбекистан Улсын Ташкент хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байна.